Дэлхийн зах зээл дээрх алтны ханшийг шууд харах бол доорх линкээр орно уу.

https://www.facebook.com/MongolianAssayOffice/notifications/?section=activity_feed&subsection=share&ref=notif&target_story=S%3A_I100000655913650%3A1106159656082554&content_id=837385073057218

Монгол банкны алтны ханшийг харах бол дорх линкээр орно уу.

https://www.facebook.com/MongolianAssayOffice/notifications/?section=activity_feed&subsection=share&ref=notif&target_story=S%3A_I100000655913650%3A1106162429415610&content_id=837387453056980

 

Үнэт металл гэж алт, мөнгө, платина, палладий, иридий, родий, рутений, осмий гэсэн 8 металлыг хэлдэг бөгөөд тэдгээрийн агуулгыг сорьц гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.
Карат гэдэг үгийн дуудлага нь ижил боловч 2 янзаар бичигдэж 2 утгыг илэрхийлэдэг.
1. Үнэт металлаар хийсэн эдлэл дээр карат /karat/ -ын тэмдэглэгээ байвал тухайн эдлэлийн үнэт металлын сорьц гэж ойлгоно. Жишээ нь: 14к гэж алтан бөгжин дээр байвал 585 сорьцтой юм байна гэж үзнэ. 24к нь 999 сорьцтой тэнцэнэ.
2. Эрдэнийн чулуу ялангуяа үнэт чулууны жинг карат /carat/-аар илэрхийлдэг бөгөөд “ct” гэж тэмдэглэдэг. 1 ct нь 200 мг-тай тэнцэнэ.
Сорьц гэдэг нь аливаа металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн нэгжийг нь үнэт металл эзэлж байгааг хэлнэ. Жишээ нь: 3,0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэвэл түүний 585 нэгж нь алт байх ба тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно.
Бриллиант гэдэг нь
доржпаламыг /алмааз/ 57-58 ш талст гаргаж зассан /одлог/ дугуй засалтыг хэлнэ.
Орчин үеийн чулуу үнэлэх хамгийн гол 4 шалгуур үзүүлэлтийг олон улсын практикт 4с /дөрвөн си/ гэдэг.Энэ нь
1. Clarity – Тунгалагшилт Чулууны дотоод бүтцийг тусгай өсгөгч шилээр /loupe/ ажиглахад ямар нэгэн толбо цэгэн биетийн ул мөр байхгүй бол “Loupe clean” буюу цэвэрхэн байна гэж үзэж зэрэглэл нь дээшилдэг
2. Color – Өнгө Чулууны өнгө нэгэн жигд тод байх тусмаа үнэтэй болно. Өнгийг “ААА” –аар зэрэглэх бөгөөд “АА”, “А” болохоор үнэ буурна
3. Carat – Жин чулууны carat-ыг “ct” гэж тэмдэглэх бөгөөд 1 ct нь 200 мг буюу 0,2 грамм болно. Жин их байх тусмаа үнэ өснө
4. Cut – Засалт Чулууг олон хэлбэрээр талст гарган засч болно. Сүүлийн үед холимог нийлмэл засалтууд их хийж байгаа. Чулууны засалтыг бриллиантан, маргадан, Pear /дусал/, Shield /бамбай/, Navette /завь/, Heart /зүрхэн/, Oval, cabochon /кабошон/ нийлмэл засалтыг гоёлын гэх зэргээр ангилна.

ЭРДЭНИЙН ЧУЛУУ ТАНИХ АРГУУД

Хүн бүр өдөр тутам байнга чулуутай харьцаж хэрэглэж байдаг мөртлөө тэр болгоныг зөв таньж мэддэггүй. Геологийн шинжлэх ухаанд чулууг таньж тодорхойлох энгийн гадаад шинж чанараас нь эхлэн физик, химийн олон аргаар, төрөл бүрийн багажны тусламжтайгаар тодорхойлдог. Чулууг хэрхэн таньж тодорхойлох талаар дараах аргуудыг зөвлөж байна.
1. Чулууг өнгөөр нь тодорхойлох : Хэдийгээр нэг чулуу олон өнгөтэй байдаг боловч нийтлэг тогтсон голлох өнгө чулуу болгонд байдаг. Тухайлбал : Доржпалам өнгөгүй тунгалаг, бадмаараг улаан хүрнээс шингэн ягаан хүртэл, маргад ногоон, индраанил цэнхэр хааяа тод шаргал, анар хар хүрнээс хар ногоон хүртэл, хризолит шар ногоон, цитрин шар, нил эрдэнэ нил ягаан, жонш олон өнгө холилдсон, хаш сүүн цагаанаас боломжит бүх ногоон, хааяа хар, гартаам судалтай, номин хар хөх, цэнхэр, оюу ногооноос цэнхэр гэх мэт. Хэдийгээр чулууны ерөнхий химийн найрлага ижил боловч өөр нэг металлын ион найрлагад нь орж ирснээс шалтгаалан өнгө нь өөрчлөгдөж улмаар өөр чулуугаар нэрлэгддэг.
2. Чулууг талстын /кристалл/ хэлбэрээр нь таних : Ихэнх чулуу талст үүсгэдэг бөгөөд ихэнх микрокристаллууд нь нүдэнд харагдахгүй тул талстгүй юм шиг харагддаг. Чулууны талст үүсгэсэн хэлбэр нь өөр өөр байдаг бөгөөд түүнийг судалдаг ухааныг кристаллограф гэдэг. Кристаллын хэлбэрээр нь триклиник, моноклиник, орторомбик, тригонал болон гексагонал, тетрагонал, кубик гэж ангилдаг. Тухайлбал : болорын группийн чулуунууд гексагонал буюу нэг эсвэл хоёр орой нь шовх үзүүртэй зургаан талтай талст үүсгэдэг бол молор нь орой нь шовх биш тэгш, харин маргад болон бериллийн группийн чулуу нь зургаан өнцөгтэй боловч хоёр тал нь тэгш призм хэлбэртэй, жонш, доржпалам зэрэг чулуу шоо дөрвөлжин, анарууд ромбо хэлбэрийн талуудтай байх жишээтэй. Харин турмалин гурван өнцөгтэй призм хэлбэрийн кристалл үүсгэх боловч гурван тал нь дахин өнцөг үүсгэж зургаан талтай, эсвэл гурван тал нь гүдгэр хэлбэрт орсон байдаг.
3. Чулууг хатуулгаар нь тодорхойлох : Чулуулгийн хатуулгийг тодорхойлдог Моссын шатлал гэж байдаг бөгөөд нийт чулууг 1-10 хүртэл хатуулгаар ялгадаг.
1. Тальк зөөлөн цагаан чулуу хумсаар зурагдана
2. Гипс зөөлөн тунгалаг чулуу хумсаар зурагдана
3. Кальцит зөөлөн цагаан чулуу зэс зоосоор зурагдана
4. Жонш олон өнгөтэй энгийн хутгаар зурагдана
5. Апатит /фосфорын хүдэр/ энгийн хутгаар зурагдана
6. Ортоклаз /хээрийн жонш/ хатуу гангаар зурж болно
7. Кварц цонхны шилтэй ижил хатуулагтай
8. Молор
9. Корунд бадмаараг, индраанилийн эх хүдэр
10. Доржпалам /алмаз/ корундаас 140 дахин хатуу
Чулуу тус бүрийн хатуулгийг тогтоож жагсаалт болгосон байдаг
4. Чулууны хагаралын болон хуваагдлын гадаргуугаар нь таних : Чулууг хагалж хуваахад тодорхой зүй тогтол ажиглагддаг бөгөөд тэр шинж чанараар нь таньж болдог. Тухайлбал : Чулууг хуваагдлаар нь тэгш, тэгш бус гэж ангилдаг бөгөөд жонш, гипс мэтийн чулууг хуваахад кристаллын хэлбэрээ хадгалж тэгш гадаргуу үүсгэдэг. Харин чулууг хагалахад зөв ба зөв бус хагаралын гадаргуу үүсгэнэ. Анар, болор, галт уулын шил мэтийн тунгалаг чулуу дун маягийн хагарал үүсгэдэг. Энэ нь хагас дугуй, үелсэн цагираг мэт хагарал юм.
5. Чулууг гялгаар нь тодорхойлох : Аливаа чулууны гадаргуу янз бүрийн байдлаар гялалзаж харагддаг.Энэ байдлаар нь чулууг металл, шилэн, тосон,танан гялгатай гэж ангилдаг. Жишээ нь сфалерит, галенит зэрэг чулуу металл, пироп, болор мэт нь шилэн харин сувд тана шиг гялалзаж харагддаг. Эдгээр шинж чанарууд нь энгийн буюу хээрийн нөхцөлд чулууг нүдээр харж таньж тодорхойлоход хэрэглэгддэг бол дараах шинж чанаруудыг тодорхой багажны тусламжтайгаар тодорхойлдог физик аргууд юм.
6. Поляроскоп / туйлшруулагч/ : Энэ арга нь чулуу гэрэл нэвтэрүүлэхэд туйлшруулдаг бөгөөд тэр хэмжээг нь тодорхойлдог арга юм. Энэ аргаар хамгийн сайн тодорхойлогддог чулуу нь кварц бөгөөд “ бухын нүд” үүсгэдэг.
7. Дихроскоп : Чулууны өнгө харагдах талаасаа өөр өөр өнгөөр харагдахыг ялгадаг бөгөөд кунцит дээрээс нь харахад өнгөгүй тунгалаг, хажуугаас нь харахад ягаан нөгөө талаас нь харахад улаан өнгөтэй, харин андалузит ногоон, ягаан , мөн хувилгаан эрдэнэ цэнхэр, ногоон, ягаан өнгө туяатай харагддаг.
8. Спектроскоп : Чулууны дундуур ультра туяа тусгахад үндсэн буюу солонгын 7 өнгийн фон дундуур спектрын шугам нь нарийн, бүдүүн
хар зураас болон харагддаг. Тэрхүү зураасны байдлаар ямар чулуу байж болохыг тодорхойлно
9. Гэрлийн хугарлын илтгэгч тодорхойлох : Чулуун дундуур гэрлийг нэвтрүүлэхэд гэрлийг тодорхой өнцгөөр хугалж гаргадаг бөгөөд тэрхүү өнцгийн индексийн хэмжээгээр тодорхойлдог арга юм.
10. Хувийн жин тодорхойлох арга : Чулуу бүхэн өөрийн гэсэн бүтэц найрлагатай байдаг учраас тэдгээрийн хувийн жин ялгаатай байдаг. Тухайн чулууны хувийн жинг тодорхойлж үндсэн чулууны хувийн жинтэй тохирч буй эсэхээр нь ялгана.
11. Дотоод бүцийг нь харах: Өндөр хүчин чадалтай микроскопоор чулууны дотоод бүтцийг томруулан харж гарал үүсэл, ямар эрдсийн кристалл байна гэдгээс шалтгаалан таньдаг арга юм. Ялангуяа таримал болон байгалийн чулууны алин болохыг ялгаж тодорхойлоход онцгой ач холбогдолтой.
12. Чулууг эцсийн байдлаар маш найдвартай тодорхойлох арга бол химийн арга бөгөөд чулууны химийн найрлагыг бүрэн тодорхойлно гэсэн үг юм. Энд атомын шингээлтийн спектрометр, рентгенофлюорсценцийн аппарат зэрэг олон багаж төхөөрөмж ашиглагдана.

Mongolian Agency for Standard and Metrology. 2017